Монгол улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: дүн шинжилгээ судалгааны тайлан
Харгалзах огноо: 2015-04-17|Уншсан : 385

Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) хамтран хэрэгжүүлж байгаа "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд бэлтгэсэн "Монгол улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: дүн шинжилгээ" судалгааны тайланг та бүхэнд хүргэж байна.

Тус судалгааг боловсруулсан багийн бүрэлдэхүүнд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн дэд захирал, профессор, доктор (Sc.D) Ч.Энхбаатар багийн ахлагчаар, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, доктор (Ph.D) Д.Солонго, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх, хууль зүйн ухааны магистр (LL.M)П.Амаржаргал, олон улсын зөвлөхөөр Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Том Гинсбург нар ажилласан болно.

Судалгааны зөвлөмж, дүгнэлтийг дор товчлон тусгасан бөгөөд дэлгэрэнгүйг энд хавсаргасан судалгааны тайлангаас харах боломжтой.

1. Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш тус улсад ардчилсан засаглалын бат бэх суурийг бий болгожээ. Гэхдээ энэ нь улс төрийн институци бүрийн гаргасан бүх шийдвэр оновчтой байсан гэсэн үзүүлэлт биш юм. Аливаа үндсэн хуулийн үүрэг нь эрх мэдлийн институци хоорондын зөрчлийг зохицуулах, төрийн бодлогын зарчмыг тогтоох, төр засгийн зүгээс эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлэх институцийг бий болгоход оршдог. Энэ утгаар авч үзвэл,  бид Үндсэн хууль өөрийн үүргийг ерөнхийдөө амжилттай биелүүлж байна  гэсэн дүгнэлтэд хүрлээ.

 2. Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагааны үр дүнг системтэйгээр дүгнэх боломжгүй ч Улсын Их Хурлын судалгааны чадавхийг сайжруулахыг анхааруулсан зөвлөмжүүд гарч байсныг тэмдэглэж байна. Үүнээс гадна парламентын хяналтын чиг үүрэгтэй холбоотой асуудлуудыг зайлшгүй анхаарах шаардлагатай бөгөөд Засгийн газарт тавих хяналт сул байгаа талаар судлаачид, улс төрчдийн зүгээс шүүмжлэлд өртсөөр байгаа явдал юм. Энэ нь парламентын засаглалыг сонгодог утгаар нь хэрэгжүүлж, бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагыг илтгэж байна.

 3. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр илүү тодорхой, үндэслэл бүхий байх бөгөөд Улсын Их Хурал нь Цэцийн шийдвэрийг татгалзсан хариуг өгөх тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа үндэслэлээ тодорхой үндэслэгээтэй гаргах шаардлагатай байна. Харин Улсын Их Хурлын зүгээс Цэцийн шийвэрийг татгалзсан талаар зохих ёсоор мэдэгдээгүй тохиолдолд дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцож болох юм.

4. Үндсэн эрх нь зөрчигдсөн үндэслэлээр Цэцэд хандах эрхийг иргэдэд олгохыг зөвлөмж болгож байна. Цэцийн бүх гишүүд орон тооны байх шаардлагатай гэж үзэж байна.

5. Улсын Их Хурал бол “төрийн эрх барих дээд байгууллага” гэсэн Үндсэн хуулийн  20 дугаар зүйлийн томьёолол нь Монгол Улсын эрх мэдлийн хяналт-тэнцэлийн тогтолцоог бодитойгоор илэрхийлж чадахгүй хэллэг гэж үзэж байна. Үүний оронд хууль тогтоох дээд байгууллага гэсэн томьёоллыг авч үзэх нь оновчтой болов уу. Улсын Их Хурлын бүрэн эрхийн тухай 25 дугаар зүйлийн “онцгой” гэсэн үгийг хасч найруулахыг зөвлөж байна.

6. Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн хооронд хоёр жилийн завсартай байх хувилбарыг авч үзэхийг зөвлөж байна. Улсын Их Хурлын сонгуулиас нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь тийм ч зохистой биш юм. Сонгуулийн хугацааг ийнхүү зөрүүлснээр төр засаг хязгааргүй эрх мэдэлтэй байгаад дургүйцлээ илэрхийлэх боломжийг иргэдэд олгож, нэг намын ноёрхол олон жил үргэлжлэхээс сэргийлж чадна. Түүнчлэн улс төрийн жинхэнэ хэмнэл өрнөх, улс төрийн намын бодлогыг илүү уялдаатай болгох, эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах боломж бий болно.

7. Ерөнхийлөгчийн сонгууль “хоёр шаттай байна” гэсэн Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хүчингүй болгохыг зөвлөж байна. Энэ заалт шаардлагагүй бөгөөд нэгдэх шатанд олонхийн санал авсан тохиолдолд энэ нь зарим төөрөгдөл үүсгэж болзошгүй юм.

8. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах тухай 29 дүгээр зүйлийг Үндсэн хуулиас хасах, эсхүл хүрээг нь багасгахыг зөвлөмж болгож байна. Монгол Улсын хөгжлийн өнөөгийн түвшинд улс төрийн зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрсдэл нь авлигын болон өөрөө өөртөө зориулан шийдвэр гаргах эрсдэлээс хамаагүй бага байна. Эсхүл авлигын хэрэгт холбогдсон тохиолдолд халдашгүй байдал үйлчлэхгүй байхаар өөрчилж болох юм. Төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдлыг баталгаажуулсан Үндсэн хуулийн бусад заалтыг энэ үндэслэлээр эргэн харж болох юм.  

9. Орон нутгийн Засаг даргыг төвөөс томилдог тогтолцоог өөрчилж иргэдээс сонгодог болгон өөрчлөхийг зөвлөмж болгож байна. Мөн орон нутгийн сонгуулийг нам бус болгох нь ихээхэн үр дүнтэй хэмээн харж байна. Гэхдээ үүнийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулалгүй, сонгуулийн хуулиар шийдэх боломжтой.

10. Нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийг хот гэж хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг харгалзан Үндсэн хуульд “хот”-ын ангиллыг нэмж тусгах шаардлагатай. 

11. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан хориглосон заалтуудын тоог цөөлөхийг бид зөвлөмж болгож байна. Үндсэн хуулиас дээгүүр хууль гаргах эрх байхгүй юм.

12. Засгийн газрын гишүүний бүгд, эсхүл тэдгээрийн дийлэнх нь Парламентын гишүүн байдаг өнөөгийн тогтолцоог эрх мэдэл хуваарилах зарчмын үүднээс эргэж харах нь зүйтэй гэж бид үзэж байна. Харин Ерөнхий сайд ганцаараа, эсхүл үндсэн чиглэлийн яамыг удирдаж буй цөөн сайд Парламентын гишүүн байж болох өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаж болох юм.

13. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хүчинтэй байх ирцийн тоог 51 гишүүнээс 39 гишүүн болгож цөөрүүлсэн. Ингэснээр Улсын Их Хурлын зөвхөн 20 гишүүн (гуравны нэгээс доош) хууль батлах боломжтой болсон юм. Иймд хуралдаан хүчинтэй байх ирцийн тоог нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Нууц санал хураалтыг ил болгосон зэрэг нь улс төрийн намын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлж, цөөнхийн санал, шийдвэр тусгагдах боломжийг багасгасан гэж үзэж байна.

14. Жилд 2 удаа явагддаг ээлжит чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг “тавиас доошгүй ажлын өдөр” болгон багасгасан нь буруу юм. Учир нь байнгын ажиллагаатай парламентын гол үйл ажиллагаа нь бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байхад чиглэгддэг.

15. Сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгох нь тохиромжтой бус юм. Учир нь дэд даргын орон тоог бүлэг тус бүрээс нэмэх бус, харин цөөнхийн бүлгээс сонгож болох юм.

Оруулсан огноо: 2015-04-17|Уншсан : 385
Сэтгэгдлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.
Нийт: 195669Өнөөдөр: 83
Олон нийтийн холбоосууд

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.